Хүндэтгэлтэйгээр угтан авсан нь

Ерөнхийлөгчийг Берлин-Бранденбургийн олон улсын нисэх онгоцны буудлын тусгай бүсэд Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Дөрте Дингер, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф, Ж.Оюунбаатар болон бусад албаны төлөөлөгчид угтан аввa.

 

Төрийн тэргүүний хөлөглөсөн онгоцыг ХБНГУ-ын агаарын хилээр нэвтэрсэн мөчөөс эхлэн Германы нисэх хүчний онгоцууд хамгаалан дагалдаж, газардангуут нь хүндэтгэлийн нислэг үйлджээ. Мөн буудалд Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуул жагсаж, ёслолын 21 удаа буудаж хүндэтгэл үзүүлсэн байна.

Айлчлалын гол онцлох үйл явдлууд

  • Түүхэн айлчлал: Монгол Улсын төрийн тэргүүн ХБНГУ-д 14 жилийн дараа төрийн айлчлал хийж байгаа бөгөөд энэ нь хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойд тохиож байгаагаараа онцлог юм.

  • Албан ёсны хэлэлцээ: Хоёр улсын Ерөнхийлөгчид албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэх талаар ярилцана.

  • Баримт бичиг: Айлчлалын хүрээнд “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.

  • Соёл, эрдэм шинжилгээний арга хэмжээ:

    • Берлин хотноо “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээнэ.

    • “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг” болно.

    • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан болон “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал хурлууд тус тус зохион байгуулагдана.

Хоёр улсын харилцааны түүхэн товч

  • 1974 оны 01 дүгээр сарын 31: Дипломат харилцаа тогтоосон.

  • 2008 он: Харилцааны түвшнийг “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн.

  • 2024 он: Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Германы Холбооны Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл” тогтоосон юм.

“Стратегийн түншлэл”-ийн харилцааны үндсэн чиглэлүүд:

  1. Улс төрийн харилцаа

  2. Батлан хамгаалах салбар

  3. Эдийн засаг

  4. Хөгжлийн бодлого

  5. Боловсрол, соёл

  6. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх

  7. Хүмүүнлэг болон олон нийтийн салбарын хамтын ажиллагаа