Инчеөний хутгаар зэвсэглэсэн халдлага үйлдсэн сэжигтэний хувийн мэдээллийг ил болголоо

СӨҮЛ, 10 дугаар сарын 16 (Yonhap) — Инчеоний томоохон худалдааны цогцолборт энэ долоо хоногийн эхээр найман хүнийг бэртээсэн хутгатай халдлага үйлдсэн хэрэгт сэжигтэй этгээдийн хувийн мэдээллийг цагдаагийн байгууллагаас Баасан гарагт олон нийтэд зарлалаа.

Инчеоний Метрополитан цагдаагийн газраас хүний хувийн мэдээллийг олон нийтэд ил болгох эсэхийг хэлэлцэх хорооны хуралдааны дараа сэжигтэн Чой Чун Рак (59 настай)-ийн нэр, нас болон цээж зурга ил болгосон байна.

Цагдаагийн байгууллагаас уг хэрцгий үйлдлийн шинж чанар, учруулсан хохирлын хүнд байдал, хангалттай нотлох баримт цугларсан зэргийг үндэслэн уг шийдвэрийг хэлэлцүүлэгт оролцогчид нэгдсэн саналаар дэмжсэнийг мэдэгджээ.

Чой Чун Ракийн хувийн мэдээлэл Баасан гарагаас эхлэн 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдаагийн газрын цахим хуудаснаа байрших ажээ.

Тэрээр Мягмар гарагт Сөүлээс баруун зүгт 30 орчим километрийн зайтай орших Инчеон хотын худалдааны цогцолборт хоёр гартаа хутга барин 10 гаруй хүний амь насыг хөнөөхийг завдсан хэрэгт сэжиглэгдэж байна. Уг халдлагын улмаас найман хүн бэртэж гэмтсэн бөгөөд зүрх нь зогсож эмнэлэгт хүргэгдсэн нэг хүний биеийн байдал ухаан ороогүй хэвээр байна. Харин үлдэх хоёр хүн ямар нэг бэртэлгүйгээр зугтаж амжжээ.

Цагдаагийн байгууллагын байцаалтын явцад сэжигтэн Чой нь орон нутгийн эмнэлгээс авсан эмчилгээндээ сэтгэл хангалуун бус байснаа халдлага үйлдэх шалтгаан болсон хэмээн мэдүүлсэн байна.

Тэрээр урьд өмнө нь хүн амины хэрэг үйлдэхээр завдсан хоёр удаагийн үйлдлийг оролцуулаад нийт 10 удаагийн ял шийтгэл эдэлж байсан гэмт хэргийн түүхтэй нэгэн аж.