Жил бүрийн 10-р сарын 15-ныг Хүний нөөцийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ жил “HR DAY2026: RE Design” уриан дор тэмдэглэж, 10-р сарын 15-ны өдөр том группууд, 250 хүртэлх тооны ажилтантай дунд зэргийн байгууллага болон жижиг бизнес эрхлэгч, ажил олгогчдыг хамруулсан үндэсний форум зохион байгуулах гэж байна.

  • HR DAY нь байгууллагын өсөлт, бүтэц, хүн, соёл, гүйцэтгэлийг нэгэн системээр хардаг үндэсний зөвлөгөөн юм. 2026 онд “RE Design” сэдвийн хүрээнд хиймэл оюун, манлайлал, авьяасын менежмент, байгууллагын соёл, ирээдүйн ажлын байр зэрэг гол өөрчлөлтийг бодит кейс, аргачлал, хэрэгжүүлэх шийдлүүдийн талаар хэлэлцэнэ.

  • Байгууллагын гүйцэтгэх удирдлага, хүний нөөцийн удирдлага, менежерүүд болон хүний менежментийн мэргэжилтнүүдэд зориулсан энэхүү форумд 20 гаруй илтгэгч, экспертүүд, 500 гаруй ажил олгогч, 1500 гаруй төлөөлөгч оролцох юм. HR Day үндэсний форумын талаар Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, Хүний хөгжлийн консорциумын Удирдах зөвлөлийн дарга Г.Тэгшбүрэн, Хүний хөгжлийн консорциумын Удирдах зөвлөлийн гишүүн О.Дүүриймаа, “TsoilogsoZ” залуучуудын байгууллагын Гүйцэтгэх захирал Б.Батзориг нар мэдээлэл хийлээ. 

Г.Тэгшбүрэн, Дэлхий нийтээр хөдөлмөрийн зах зээл, түүний эрэлт нийлүүлэлтийн асуудал “хоёр туйлт хямрал” гэх асуудал төрийн, төрийн бус, бизнесийн аль ч байгууллагын түвшинд тулгамдсан асуудал болоод байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хүний нөөцийн салбарыг хөгжүүлэх, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хэрхэн тогтвортой байлгах вэ? Хөдөлмөрийн  харилцаанд оролцож буй удирдлага, мэргэжилтэн, мэргэжлийн холбоод, судлаач, эрдэмтэн, мэргэжлийн байгууллагууд хэрхэн, яаж ажиллах вэ гэх асуудлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах зорилгоор Монгол Улсын Хүний хөгжлийн консорциумыг байгуулан тав дахь жилдээ ажиллаж байна. 2016 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг баталж, жил бүрийн 10-р сарын 15-нд “HR DAY”-г тэмдэглэж ирсэн билээ. Уг өдрөөр Монголын хүний нөөцийн салбарт тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлага, шилдэг арга туршлага, олон улсын загваруудыг хэлэлцэж, цаашид яах вэ, ирэх жилүүдийн чиг хандлагыг тодорхойлдог индэр нь болсон.

“HR DAY”-г энэ жил Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн, Хүний хөгжлийн консорциум нь “TsoilogsoZ” залуучуудын байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Та “HR DAY2026: RE Design” форумд бүртгүүлэх, хөтөлбөртэй танилцах бол ЭНД дарна уу.

-Энэ жилийн “HR DAY2026: RE Design” форумын онцлог юу байх вэ?
-Г.Тэгшбүрэн, Энэ жилийн өдөрлөгийг 10-р сарын 15-ны “Re Design” сэдвийн хүрээнд зохион байгуулна. Дэлхий дахин болоод Монгол Улсад нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг дөрвөн зэрэглэлд хувааж үздэг. Үүний III зэрэглэлд байна гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. IV зэрэглэл бол хамгийн тогтворгүй буюу дайн байлдаан, улс төрийн зөрчил, маргаан онцгой нөхцөлийг хэлдэг. Ийм нөхцөлд бид бэлэн байх ёстой. Тиймээс байгууллагууд хүний нөөцийн стратеги, хүн рүү чиглэсэн бодлогоо эргэн харах цаг болжээ гэсэн сигналыг өгөхөөр “Re Design” сэдвийн хүрээнд 10-р сарын 15-ны өдөр ярилцах юм.

Бидний ашиглаж буй хүний нөөцийн үйл ажиллагааны загвар 2030 онд хэвээр ажиллах чадах уу? гэдэг асуулт гарна. Тэгэхээр энэ асуудлыг Монголын том группууд, дунд зэргийн компаниуд, жижиг байгууллагуудыг гурван тусад нь авч үзэж, тусад нь судалгаанд хамруулж, хэрхэн зөв модель гаргах, хүний нөөцийн бодлогоо хэрхэн тодорхойлох вэ гэдэгт мэргэжлийн экспертүүд, мэргэшсэн менежер, бизнесийн удирдлагууд бүгд нэгдэн хэлэлцэнэ. Гурван тусад ангилан  зохион байгуулж буйн учир шалтгаан нь том, дунд, жижиг компаниуд өөр өөр асуудал, стратегитай байдаг. Дээр нь энэ жил төрийн бодлого, мэргэжлийн байгууллагуудыг оруулж, өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна.