АНУ-ын хамгийн том санхүүгийн байгууллагуудын нэг болох JPMorgan Chase банкны системд техникийн саатал гарч, олон мянган харилцагч цахим банкны үйлчилгээгээ ашиглахад хүндрэлтэй тулгарчээ.
Тус банкны мэдээлснээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 16-ны даваа гарагт дотоод сервер, тоног төхөөрөмжийн системд үүссэн программ хангамжийн алдаанаас шалтгаалан зарим гүйлгээ хэвийн үеэс удааширсан байна.
Саатлын улмаас хэрэглэгчид дансны үлдэгдлээ шалгах, мөнгө шилжүүлэх, цахим банк руугаа нэвтрэх зэрэг үйлдэл хийхэд хүндрэлтэй болжээ. Мөн банкны салбаруудаар хийгдэх зарим гүйлгээнд нөлөөлсөн байна.
Downdetector цахим платформд Chase банкны үйлчилгээ доголдсон тухай 4,700 гаруй хэрэглэгч мэдээлсэн бөгөөд Bank of America, Wells Fargo, U.S. Bank зэрэг бусад банкны хэрэглэгчид ч гүйлгээ удааширсан талаар гомдол гаргажээ.
JPMorgan Chase банкны зүгээс уг асуудал кибер халдлагаас үүдэлтэй биш бөгөөд харилцагчдын данс, мөнгөн хөрөнгө хэвийн байгаа гэдгийг онцолсон байна.
Харин даваа гарагийн орой тус банк техникийн асуудлыг шийдвэрлэж, гүйлгээнүүд хэвийн боловсруулагдаж эхэлснийг мэдэгджээ.
Энэхүү саатал нь АНУ-д сүүлийн өдрүүдэд гарсан технологийн томоохон доголдлуудын дараа тохиолдсоноороо анхаарал татаж байна.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…