Хөнгөн цагааныг хэрхэн үйлдвэрлэдэг вэ? Улаан чулуулгаас өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн хүртэл

Бидний өдөр тутам хэрэглэдэг ундааны лааз, цонхны хүрээ, автомашины эд анги, цахилгааны кабель гээд олон бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийн нэг нь хөнгөн цагаан юм. Хөнгөн атлаа бат бөх, зэврэлтэд тэсвэртэй, дахин боловсруулах боломжтой энэ металл байгалиас хэрхэн бий болж, ямар шат дамжлагаар үйлдвэрлэгддэг бол?

Хөнгөн цагааны үйлдвэрлэл боксит хэмээх улаавтар хүрэн өнгийн хүдрийг олборлохоос эхэлдэг. 

 

Боксит нь Бразил, Гвиней, Австрали зэрэг халуун орны болон субтропикийн бүс нутагт өргөн тархсан байдаг.

 

Олборлосон хүдрийг боловсруулах үйлдвэрт хүргэж, Байерын процесс хэмээх технологиор боловсруулан хөнгөн цагааны исэл буюу нарийн ширхэгтэй цагаан нунтаг гарган авна.

 

Үүний дараа хөнгөнцагааны ислийг хайлуулах үйлдвэрт шилжүүлж, цахилгаан гүйдлийн тусламжтайгаар хүчилтөрөгчөөс нь салган цэвэр металл гаргаж авдаг. Гарган авсан хайлмал хөнгөн цагааныг гулдмай, хавтан, бэлдэц зэрэг хэлбэрт цутгаж, цаашид төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг байна.

Нэг тонн хөнгөн цагаан үйлдвэрлэхэд ямар хэмжээний хүдэр шаардлагатай вэ?

Хөнгөн цагаан үйлдвэрлэхэд их хэмжээний түүхий эд, эрчим хүч шаарддаг.

  • 4–5 тонн боксит хүдрээс ойролцоогоор 2 тонн хөнгөнцагааны исэл гарган авна.
  • 2 тонн орчим хөнгөнцагааны ислээс 1 тонн хөнгөн цагаан үйлдвэрлэдэг.
  • Хөнгөн цагааны хайлах температур ойролцоогоор 660 хэм байдаг.

Хөнгөн цагааныг яагаад өргөн ашигладаг вэ?

Хөнгөн цагаан нь хэд хэдэн давуу шинж чанарыг нэг дор агуулдгаараа онцлог.

Нэгдүгээрт, жин багатай ч бат бөх учраас автомашин, нисэх онгоц болон бусад тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг.

Хоёрдугаарт, агаартай урвалд орохдоо гадаргуу дээрээ нимгэн хамгаалалтын исэл давхарга үүсгэдэг тул төмөр, ган шиг зэвэрдэггүй. Мөн цахилгаан дамжуулах чадвартай, янз бүрийн хэлбэрт оруулахад тохиромжтой.

Түүнчлэн хөнгөн цагааныг дахин дахин боловсруулах боломжтой нь байгаль орчин, үйлдвэрлэлийн зардлын хувьд чухал давуу тал болдог.

Хөнгөн цагааны үйлдвэрлэлд эрчим хүч яагаад чухал вэ?

Хөнгөн цагаан хайлуулах нь эрчим хүч их шаарддаг үйлдвэрлэлийн нэг юм. Олон улсын хөнгөн цагааны холбооны мэдээллээр нэг тонн анхдагч хөнгөн цагаан үйлдвэрлэхэд ойролцоогоор 14 мегаватт цаг цахилгаан эрчим хүч зарцуулдаг байна.

Тиймээс үйлдвэрлэгчид нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүч ашиглах, үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлэхэд анхаарч байна.

Тухайлбал, уул уурхайн салбарын дэлхийн томоохон компаниудын нэг Рио Тинто AP60 болон ELYSIS зэрэг технологид хөрөнгө оруулж байгаа аж.

 

AP60 технологи нь хайлуулах үйлдвэрийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой бол ELYSIS нь уламжлалт нүүрстөрөгчийн анодыг инертийн анодоор орлуулах замаар хайлуулах үеийн шууд хүлэмжийн хийн ялгарлыг арилгах зорилготой технологи юм.

Дахин боловсруулсан хөнгөн цагаан 95 хүртэл хувийн эрчим хүч хэмнэдэг

Хөнгөн цагааны хамгийн чухал давуу талуудын нэг нь дахин боловсруулах боломж юм.

Ашигласан хөнгөн цагаан лааз, сав баглаа боодол болон бусад бүтээгдэхүүнийг дахин боловсруулж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж болно. Ингэснээр шинээр хүдэр олборлож, анхдагч хөнгөн цагаан үйлдвэрлэх шаардлагыг бууруулна.

АНУ-ын Хөнгөн цагааны холбооны мэдээллээр дахин боловсруулсан хөнгөн цагаан нь анхдагч хөнгөн цагаан үйлдвэрлэхтэй харьцуулахад 95 хүртэл хувиар бага эрчим хүч зарцуулдаг байна.

 

Олон улсын хөнгөн цагааны холбооны тооцооллоор дэлхийн хөнгөн цагааны эрэлт 2030 он гэхэд бараг 40 хувиар өсөх төлөвтэй байна.

 

Энэ нь барилга, тээвэр, эрчим хүч болон бусад салбарт хөнгөн цагааны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах шаардлага улам чухал болж байгааг харуулж байна.