Номхон далайн өмнөд хэсэгт орших Фижи улс 2026 онд аялахад хамгийн тохиромжтой дэлхийн 25 чиглэлийн нэгээр шалгарчээ. Дэлхийн нэр хүндтэй National Geographic сэтгүүл жил бүр гаргадаг “Best of the World 2026” жагсаалтадаа Фижи улсыг багтаасан байна.
Тус жагсаалтыг National Geographic-ийн редактор, гэрэл зурагчин болон аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн судалгаа, саналд үндэслэн гаргадаг бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц, соёл уламжлал, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж буй байдлыг харгалзан үзжээ.
Байгалийн үзэсгэлэнгээс гадна далайн экосистемээ хамгаалж буй улс
Фижи улс 300 гаруй арлаас бүрдэх бөгөөд шүрэн хад, тунгалаг цэнхэр далай, ногоон уулс, хүрхрээгээрээ алдартай. Тус улсын аялал жуулчлалын онцлох давуу талын нэг нь байгаль хамгааллыг аялалтай хослуулж буй явдал юм.
Тухайлбал, Plantation Island Resort-ийн дэргэд байрлах BULA Reef хэмээх шүрэн хад сэргээх төсөл нь далайн экосистемийг хамгаалах зорилготой. Ойролцоогоор 16 метр өндөр уг байгууламж нь шүрэн ургуулах, далайн амьтдын амьдрах орчныг дэмжихэд чиглэдэг. Мөн живүүлсэн дугуй, гольфын машин зэрэг байгууламж дээр шүр ургуулдаг усан доорх музейтэй аж.
Жуулчдын сонирхлыг татах онцгой газрууд
Фижид очсон жуулчид зөвхөн далайн эрэг, амралтын газруудаар хязгаарлагдахгүй олон төрлийн аялал хийх боломжтой.
- Monuriki арал: Том Хэнксийн гол дүрд нь тоглосон “Cast Away” киноны зураг авалт хийгдсэн газар. Мөн ховордсон Фижи игуана амьдардаг байгалийн нөөц газар юм.
- Cloud 9: Далай дунд байрлах хөвөгч ресторан, баар бөгөөд жуулчид далайн үзэмж сонирхон хооллож, амрах боломжтой.
- Cloudbreak: Дэлхийд алдартай серфингийн давалгаатай бүс. 2026 оны World Surf League тэмцээний шийдвэрлэх шатны нэг хэсэг энд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
- Kuata арал: Цагаан элсэн эрэг, тунгалаг ус, усан аялал болон Фижийн уламжлалт соёлтой танилцах боломжтой.
Хэзээ аялахад тохиромжтой вэ?
National Geographic-ийн мэдээлснээр Фижид аялахад хамгийн тохиромжтой үе нь тавдугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацаа юм. Энэ үед хур тунадас харьцангуй бага, цаг агаар тогтуун байдаг ч жуулчдын урсгал нэмэгдэж, амралтын газрын үнэ өсөх хандлагатай.
Фижи улс ийнхүү байгалийн үзэсгэлэнт газруудаа хамгаалах, нутгийн иргэдийн соёл уламжлалыг дэлхийд таниулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр анхаарал татаж байна.
National Geographic уг жагсаалтаа 2025 оны аравдугаар сарын 21-нд танилцуулсан бөгөөд Фижи нь 2026 оны шилдэг 25 чиглэлийн нэгээр багтсан болохоос жагсаалтын нэгдүгээр байрт эрэмбэлэгдээгүй.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…