Улаанбаатар хотын гарааш, дулаан зогсоолын үл хөдлөх хөрөнгийн албан татварыг чөлөөлүүлэхээр эхлүүлсэн цахим өргөдөлд 100,412 иргэн гарын үсэг зурж, шаардагдах босгыг давлаа.
Ерөнхий сайдын зөвлөх, хуульч О.Батхүү аравдугаар сарын 6-ны өдөр E-Zasag.mn системд тус өргөдлийг байршуулж, иргэдийн саналыг авч эхэлсэн юм.
Нийслэлийн иргэд өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн гарааш, дулаан зогсоолдоо хөрөнгийн үнэлгээний 0.6–2.0 хувиар тооцон үл хөдлөх хөрөнгийн татвар төлж байгаа билээ. Гэвч иргэдийн зүгээс дулаан зогсоолыг ашиг олох бизнесийн хэрэгсэл бус, цаг уурын эрс тэс нөхцөлд автомашинаа хамгаалах, цаашлаад явган хүний зам болон нийтийн эзэмшлийн талбайн бөөгнөрлийг бууруулах чухал дэд бүтэц гэж үзэж байгаа юм.
Иймд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай” хуульд өөрчлөлт оруулж, "Иргэний өмчилж байгаа, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээндээ ашиглаж буй нэг авто гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх" зохицуулалтыг тусгуулахаар санал гаргажээ. Өргөдөл 100 мянгаас дээш иргэний дэмжлэг авсан тул тус саналыг Ерөнхий сайдад хүргүүлэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр УИХ-д хуулийн төсөл болгон өргөн барих боломж бүрдэж байна.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…