Мэргэжлийн боксын ертөнцөд ялагдашгүй цувралаа үргэлжлүүлж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод ээлжит тулаанаа хийхээр товлогджээ.

 

Мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан хийж, нэг ч ялагдал хүлээгээгүй яваа Э.Цэндбаатар энэ амралтын өдрөөр буюу ирэх бямба гарагт (арваннэгдүгээр сарын 14-нд) рингэнд гарах нь ээ.

Тэрбээр WBC холбооны "super featherweight" буюу 130 паунд (58.976 кг)-ын жинд Тажикстаны өндөр зэрэглэлийн тулаанч Мухаммад Якубовтой тулалдахаар бэлтгэлээ ханжээ. Уг хоёр тамирчин анх өнгөрөгч дөрөвдүгээр сард хоорондоо тулалдахаар товлосон ч тодорхой шалтгаанаар түр хойшлогдоод байсан юм.

Э.Цэндбаатарын өрсөлдөгч Мухаммад Якубов нь мэргэжлийн рингэнд нийт 24 тулаан хийхдээ 23 ялж, ердөө 1 удаа ялагдсан туршлагатай, чансаа өндөр тамирчин юм.

Монголынхоо нэрийг тив дэлхийн дэвжээнд дуурсгаж явдаг шилдэг боксчиндоо дахин нэг ялалт байгуулж, амжилтаа бататгахыг хүсэн ерөөе!