AI-аар бүтээсэн дүрслэл.

 

Дэлхийн хөлбөмбөгийн од Криштиану Роналдугийн ууган хүү Криштиану Роналду Жуниор аавынхаа замналыг үргэлжлүүлэн, олон улсын хөлбөмбөгийн карьертээ шинэ алхам хийлээ.

Тэрбээр анх удаа Португалын 17 хүртэлх насны шигшээ багт дуудагдаж, 2027 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад оролцох боломжтой болжээ.

16 настай Роналду Жуниорыг дасгалжуулагч Филипе Рамосын зарласан 23 тоглогчийн бүрэлдэхүүнд багтаасан байна. Тэрбээр өмнө нь Португалын U15 болон U16 насны шигшээ багт тоглож, нийт 13 тоглолтод оролцон таван гоол оруулжээ.

 

 

Гурван чухал тоглолт хүлээж байна

Португалын U17 шигшээ баг энэ сарын 11-нд Андорра, 14-нд Болгар, 17-нд Сербийн багтай тус тус тоглоно. 

 

Эдгээр тоглолт нь 2027 оны Европын U17 аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолтууд юм.

 

 

Одоогоор Роналду Жуниор Саудын Арабын Al-Nassr клубийн залуучуудын академид тоглож байгаа бөгөөд довтлогчийн байрлалд хүч сорьж байна.

 

Тэрбээр өмнө нь аавынхаа тоглож байсан Juventus болон Manchester United клубүүдийн өсвөрийн багт хүчин зүтгэж байжээ.

 

 

Криштиану Роналду хүүгийнхээ хөлбөмбөгийн амжилтаар бахархаж байгаагаа өмнө нь илэрхийлж байсан. Харин одоо аавынхаа мөрөөр замнаж буй залуу тоглогч Португалын шигшээ багийн дараагийн үеийн төлөөлөл болох эхний томоохон боломжийнхоо өмнө ирээд байна.