Жилдээ цөөхөн явдаг машин ч тосоо хугацаанд нь солих шаардлагатай
Машинаа төдийлөн унадаггүй бол хөдөлгүүрийн тосыг олон жил солихгүй байж болно гэж боддог хүмүүс цөөнгүй. Гэвч автомашины мэргэжилтнүүд зөвхөн явсан километрийг бус, хугацааг мөн адил чухал хүчин зүйл гэж үздэг байна.
Хөдөлгүүрийн тос нь машин явж байх үед л мууддаггүй. Удаан хугацаанд солигдоогүй тосонд чийг, конденсац хуримтлагдаж, тосны хамгаалах шинж чанар аажмаар буурдаг аж.
Яагаад тос хугацааны явцад мууддаг вэ?
Ялангуяа богино зайд байнга явдаг эсвэл удаан хугацаагаар зогсоол дээр байдаг автомашины хөдөлгүүрт чийг хуримтлагдах эрсдэлтэй. Хөдөлгүүр хангалттай халж амжихгүй тохиолдолд энэ чийг бүрэн ууршиж чадалгүй тосонд нөлөөлж болзошгүй.
Мөн орчин үеийн хөдөлгүүрийн тосонд байдаг элэгдэл багасгах, исэлдэлтээс хамгаалах болон хөдөлгүүрийг цэвэр байлгах зориулалттай нэмэлтүүд хугацаа өнгөрөх тусам үр нөлөөгөө алддаг байна.
Үүний улмаас тос өтгөрөх, бохирдол хуримтлагдах, улмаар хөдөлгүүрийн дотор лаг, тунадас үүсэх эрсдэл нэмэгддэг. Хэт удаан хугацаанд солигдоогүй тос нь тос дамжуулах сувгуудыг бохирдуулж, хөдөлгүүрийн тосолгоонд асуудал үүсгэж болзошгүй.
Хуучин, бага гүйлттэй машин авах гэж байгаа бол анхаараарай
Бага гүйлттэй хуучин машин харахад маш сайн сонголт мэт санагдаж болох ч үйлчилгээний түүхийг нь сайтар шалгах хэрэгтэй. Тухайлбал, машин цөөхөн километр явсан ч хөдөлгүүрийн тосыг 2-3 жил тутамд л сольж байсан бол болгоомжлох шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, бага гүйлттэй байх нь хөдөлгүүрийн тос сайн гэсэн баталгаа биш юм.
Хугацаанд нь тосоо солих нь хамгийн энгийн хамгаалалт
Автомашин үйлдвэрлэгч бүрийн заавар өөр байдаг тул тухайн машины ашиглалтын гарын авлагад заасан километр болон хугацааны аль түрүүлж хүрсэн нөхцөлөөр тос, тосны шүүлтүүрээ солих нь хамгийн зөв арга юм.
Хөдөлгүүрийн тос солих нь харьцангуй энгийн үйлчилгээ боловч хугацааг нь хэтрүүлснээр илүү үнэтэй засварын асуудал үүсэхээс сэргийлэх боломжтой.
5W-30, 5W-40 гэж юу вэ? Машины тосон дээрх тоонууд ямар утгатай вэ?
Автомашины хөдөлгүүрийн тос авахдаа 5W-30, 5W-40, 0W-20 гэх мэт олон төрлийн тэмдэглэгээ хардаг. Эдгээр тоо нь тосны чансаа эсвэл үйлдвэрлэгчийн нэр биш, харин тухайн тосны зуурамтгай чанарын ангилал буюу температурын өөрчлөлтөд хэрхэн ажиллахыг илэрхийлдэг.
“W” үсэг ямар утгатай вэ?
Тэмдэглэгээн дэх W нь Winter буюу өвлийн нөхцөлийг илэрхийлдэг.
Түүний өмнөх тоо бага байх тусам тос хүйтэн температурт илүү шингэн байж, хөдөлгүүр асаах үед хурдан эргэлдэх боломжтой байдаг.
Тухайлбал:
- 0W – маш хүйтэн нөхцөлд илүү сайн урсамтгай
- 5W – хүйтэн нөхцөлд сайн ажиллах зориулалттай
- 10W – 0W, 5W-ээс харьцангуй өтгөн
Харин арын тоо юу илэрхийлдэг вэ?
30, 40 гэх мэт арын тоо нь хөдөлгүүр ажиллаж, тос өндөр температурт хүрэх үед тосны зуурамтгай чанарыг илэрхийлдэг.
Жишээ нь:
5W-30 тос нь ажлын температурт 5W-40-өөс харьцангуй шингэн байдаг.
5W-40 нь өндөр температурт арай өтгөн тосон хальс үүсгэх шинжтэй.
Гэхдээ “40 нь 30-аас илүү сайн” гэсэн ойлголт буруу. Хөдөлгүүр бүр тодорхой зуурамтгай чанартай тосоор ажиллахаар зохион бүтээгдсэн байдаг.
Өтгөн тос хийвэл хөдөлгүүр илүү сайн хамгаалагдах уу?
Заавал биш.
Үйлдвэрлэгчээс зааснаас хэт өтгөн тос хэрэглэх нь тосны урсгалд нөлөөлж, ялангуяа хүйтэн үед хөдөлгүүрийн зарим хэсэгт тос удаан очих эрсдэлтэй.
Тиймээс “өтгөн тос = сайн хамгаалалт” гэсэн ойлголтоор тос сонгох нь буруу юм.




Сэтгэгдэл 0
Ачаалж байна…