Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг хураангуйлан хүргэж байна.
Эрэн сурвалжлах болон албадан авчрах ажиллагаа
- АТГ-аас 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ЦЕГ-ын Интерполын ажлын албанд хандаж, Х.Нямбаатарыг Интерполын шугамаар эрэн сурвалжлах "Хөх булант" зар мэдээ нийтлүүлэх хүсэлт хүргүүлжээ.
- Интерпол нь олон улсын бие даасан байгууллага тул тус байгууллагын өмнөөс байр суурь илэрхийлэх боломжгүйг албаныхан мэдэгдсэн байна.
- Түүнчлэн НҮБ-ын Авлигын эсрэг конвенц-д заасны дагуу түүнийг албадан авч ирэх хүсэлт хүргүүлэхээр холбогдох байгууллагуудтай санал солилцон ажиллаж байна.
Шалгаж буй хууль бус үйлдлүүд
- "Туулын хурдны зам" төсөл: Уг төслийн гүйцэтгэгчээр шалгарсан хуулийн этгээдэд урьдчилгаа төлбөр болох 500 тэрбум төгрөг олгохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзжээ.
- Албан тушаалын эрх мэдлийг урвуулсан байж болзошгүй: Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантулгын оронд Т.Даваадалайг томилж дахин захирамж гарган, улмаар хуульд заасан баталгаа гаргах эрхгүй этгээдэд санхүүжилтийн эрхийг нээж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон байна.
- Тендер сонгон шалгаруулалт: Төрөөс зарласан 20 орчим тендер сонгон шалгаруулалтад өөрийн хамаарал бүхий этгээдийн компаниар орж шалгарсан, хууль бусаар шалгаруулсан байж болзошгүй үйлдэлд Нийслэлийн прокурорын газрын хяналтад ажлын хэсэг байгуулан шалгаж байна.
Х.Нямбаатар "Туулын хурдны зам"-ын 500 тэрбумыг шилжүүлэхдээ Т.Даваадалайг томилж байгаад, санхүүжилтийг олгосон нь мөрдөн шалгах явцад ил болжээ
Холбогдох хуулийн заалтууд ба эрүүгийн хариуцлага
- Зөрчсөн гэх хуулийн заалт: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 ("Гадаад улсын банкнаас баталгаа гаргуулах эрхийг гадаадын этгээд эдлэх бөгөөд... Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк, санхүүгийн байгууллагыг заасан байна" гэх заалт).
- Хүлээлгэх эрүүгийн хариуцлага: Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нитийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай байна.






Сэтгэгдэл 1
Ачаалж байна…