Криштиану Роналду Португалийн шигшээ багтай дахин талбайд гарахгүй байхаар шийджээ
Дэлхийн хөлбөмбөгийн од Криштиану Роналду Португалийн шигшээ багийн төлөөх замналаа өндөрлүүлж байгаагаа 2026 оны арваннэгдүгээр сарын 5-нд албан ёсоор зарлалаа.
41 настай довтлогч өөрийн цахим хуудсаар дамжуулан шигшээ багийнхаа алдарт долоон дугаартай өмсгөлийг ирээдүй хойч үедээ шилжүүлэх цаг болсныг мэдэгджээ.
Тэрбээр “Энэ бол амар шийдвэр байгаагүй. Учир нь зарим шийдвэрийг зөвхөн ухаанаар бус, зүрх сэтгэлээрээ гаргадаг” хэмээн сэтгэлээ илэрхийлсэн байна.
Роналду 2003 оны наймдугаар сард Португалийн шигшээ багт анх тоглосноос хойш 23 жилийн хугацаанд нийт 234 тоглолтод оролцож, 146 гоол оруулсан юм. Энэ нь эрэгтэйчүүдийн олон улсын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд тэрбээр тоглолтын тоо болон гоолын амжилтаараа дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг.
Португалын хэвлэлүүдийн мэдээлснээр Роналду шигшээ багтаа эргэн ирж, дахин нэг тоглолт хийх хүсэлгүй байгаа гэнэ. Тиймээс түүний үдэлтийг тоглолт хэлбэрээр бус, хүндэтгэлийн арга хэмжээ болгон зохион байгуулах хувилбар яригдаж байна.
Түүний ахалсан Португалийн шигшээ баг 2016 онд Европын аварга, 2019 болон 2025 онд Үндэстнүүдийн лигийн аварга болж, түүхэн амжилтуудыг бүтээсэн билээ.
Роналду 2006-2026 оны хооронд зургаан удаагийн ДАШТ-д оролцож, зургаан өөр ДАШТ-д гоол оруулсан анхны хөлбөмбөгчин болсон юм.
Түүний шигшээ багийн замнал дасгалжуулагч Жорже Жезуштэй үүссэн санал зөрөлдөөний дараа өндөрлөж байгаа ч Роналду клубийнхээ түвшинд тоглолтоо үргэлжлүүлнэ. Тэрбээр Саудын Арабын “Аль-Наср” клубт хүчин зүтгэж байгаа юм.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…