Алдарт Need for Speed: Underground 2 тоглоомыг компьютертоо суулгахгүйгээр үнэгүй тоглох боломжтой болжээ
2004 онд гарч байсан автомашины уралдааны алдарт Need for Speed: Underground 2 тоглоомыг одоо интернэт хөтөчөөр шууд тоглох боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, тоглоомыг компьютертээ татаж авч суулгах шаардлагагүй бөгөөд вэбсайт руу нь орж тоглох боломжтой болсон байна.
Энэхүү боломжийг тоглоом сонирхогчдын бүтээсэн Underground 2 Revived нэртэй төсөл бий болгожээ. Тус төсөл аравдугаар сарын сүүлээр нээлтээ хийсэн бөгөөд Google Chrome, Firefox зэрэг интернэт хөтөч дээр ажилладаг.
Тоглоомд анхныхтай адил Bayview хэмээх хотын гудамжаар автомашинтайгаа давхих, уралдах, хот дотор чөлөөтэй зорчих боломжтой. Харин шинээр нэмэгдсэн хамгийн сонирхолтой зүйл нь бусад тоглогчидтой интернэтээр холбогдон нэг хотод зэрэг тоглох боломж юм.
Тухайлбал, найзтайгаа нэг серверт холбогдож, хотын гудамжаар хамтдаа давхих, хоорондоо уралдах боломжтой. Ингэснээр өмнө нь ганцаараа тоглодог байсан тоглоомыг олон хүнтэй зэрэг тоглох нөхцөл бүрджээ.
Хөгжүүлэгчийн мэдээлснээр тоглоом өргөн дэлгэцийн горимд секундэд 120 FPS ажиллах боломжтой бөгөөд компьютерын тоглоомын удирдлага холбож тоглож болно. Мөн ашиглахад үнэ төлбөргүй аж.
Төслийг бүтээсэн th0mk нэртэй хөгжүүлэгч 20 орчим жилийн өмнө төрсөн дүүтэйгээ хамт энэ тоглоомыг тоглодог байсан дурсамжаа сэргээж, дахин хамт тоглох зорилгоор уг ажлыг эхлүүлсэн байна.
Гэхдээ энэ нь тоглоомын эрх эзэмшигч Electronic Arts (EA) компанийн албан ёсны хувилбар биш бөгөөд фэнүүдийн санаачилгаар бүтсэн төсөл юм. Одоогоор EA компаниас ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тоглож үзэх: https://nfsu2.xyz/







Сэтгэгдэл 0
Ачаалж байна…