Саунд суух үед биеийн температур нэмэгдэх нь цусан дахь дархлааны зарим эсийн тоонд богино хугацааны өөрчлөлт үүсгэдэг болохыг Финландын эрдэмтдийн хийсэн судалгаа харуулжээ.

Гэхдээ энэхүү өөрчлөлтийг хүний дархлаа шууд сайжирч байна гэж тайлбарлах боломжгүй болохыг судлаачид онцолсон байна.

Финландын Зүүн Финландын их сургууль болон Туркугийн их сургуулийн судлаачид 51 насанд хүрсэн хүнийг хамруулан судалгаа хийжээ. Оролцогчдын дундаж нас 50 байсан бөгөөд тэд Финландын уламжлалт саунд нийт 30 минут орсон байна. Судалгааны хөтөлбөрт богино хугацааны хүйтэн шүршүүр мөн багтжээ.

Саунд орохоос өмнө болон гарсны дараа авсан цусны шинжилгээг харьцуулахад цагаан эсийн бүх үндсэн төрлийн хэмжээ нэмэгдсэн байв.

Цагаан эс нь хүний биеийг бактери, вирус зэрэг гаднын халдвар үүсгэгчээс хамгаалахад оролцдог. 

 

Тэдгээрийн дотор нейтрофил нь өвчин үүсгэгчийг илрүүлэх үед хурдан хариу үзүүлэх үүрэгтэй бол лимфоцит нь тодорхой халдварыг таньж, дархлааны хариу урвалыг зохицуулдаг байна.

Харин энэхүү өсөлт удаан үргэлжлээгүй аж. Саунд орсны дараа нэмэгдсэн нейтрофил болон лимфоцитийн хэмжээ ойролцоогоор 30 минутын дараа өмнөх түвшиндээ эргэн оржээ.

 

Судлаачдын үзэж буйгаар халууны нөлөөгөөр биеийн зарим эд болон судасны хананд байрлаж байсан дархлааны эсүүд түр хугацаанд цусны эргэлтэд шилжсэн байж болзошгүй юм. Дараа нь эдгээр эсүүд дахин биеийн бусад хэсэгт тархсанаар цусан дахь хэмжээ нь хэвийн болсон гэж тайлбарлажээ.

Энэ төрлийн богино хугацааны өөрчлөлт нь дасгал хөдөлгөөн хийх үеэр ажиглагддаг хариу үйлдэлтэй төстэй байна. Бие махбодод тодорхой хэмжээний ачаалал, өдөөлт ирэхэд цусан дахь зарим дархлааны эсийн тоо түр хугацаанд нэмэгдэж болдог аж.

Гэхдээ нэг удаа саунд орсны дараа цагаан эс олширсон нь хүний дархлаа урт хугацаанд бэхжиж, халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл буурсан гэсэн нотолгоо болохгүй гэдгийг эрдэмтэд анхааруулжээ.

Судалгааны хүрээнд үрэвсэл болон дархлааны хариу урвалыг зохицуулах цитокин хэмээх уургуудын өөрчлөлтийг мөн шинжилсэн байна. Саунд орохын өмнөх болон дараах хэмжилтээр цитокины түвшинд томоохон өөрчлөлт илрээгүй ч биеийн температур хэр хэмжээгээр нэмэгдсэнээс шалтгаалан зарим үзүүлэлтэд ялгаа ажиглагджээ.

Судалгааны үр дүн 2026 оны дөрөвдүгээр сард олон улсын “Temperature” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Мэргэжилтнүүд саунд удаан хугацаагаар суух тусам дархлаанд илүү ашигтай гэсэн ойлголт буруу болохыг мөн сануулжээ. 

Хэт халуун орчинд удаан байх нь шингэн алдалт үүсгэхээс гадна цусны даралтад нөлөөлж болзошгүй юм.

Ялангуяа зүрх, судасны асуудалтай, цусны даралтын хэлбэлзэлтэй хүмүүс саунд орохоосоо өмнө эмчтэй зөвлөх шаардлагатай. Мөн халуун саунаас гарч хүйтэн усанд гэнэт орох нь судасны агшилт болон цусны даралтын огцом өөрчлөлтөд хүргэж болзошгүй тул болгоомжтой байхыг зөвлөжээ.