“Шеф” цувралын од Андрей Чубченко: Театр, кино урлагт 30 гаруй жил зүтгэсэн жүжигчин

ОХУ-ын Ардын жүжигчин Андрей Александрович Чубченко нь Оросын төдийгүй Монголын үзэгчдийн сайн мэдэх тайз, дэлгэцийн жүжигчдийн нэг юм. Тэрээр олон арван жилийн турш театрын тайзнаа болон кино урлагт өөрийн авьяас, ур чадвараа харуулж, ялангуяа “Шеф” олон ангит киноны Виктор Расторгуевын дүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ.

 

Андрей Чубченко 1967 оны арваннэгдүгээр сарын 8-нд ОХУ-ын Оренбург хотод жүжигчний гэр бүлд төржээ. Түүний эцэг Александр Чубченко, эх Людмила Акинина нар ОХУ-ын Гавьяат жүжигчид бөгөөд Владимир хотын драмын театрт ажиллаж байсан уран бүтээлчид юм.

Тэрээр залуудаа анагаах ухааны чиглэлээр суралцаж байсан ч цэргийн алба хаасныхаа дараа урлагийн замыг сонгож, 1992 онд М.С. Щепкиний нэрэмжит Театрын дээд сургуулийг төгссөн байна.

 

Чубченко театрын уран бүтээлээ Москвагийн М. Горькийн нэрэмжит Уран сайхны театрт эхлүүлж, бараг 30 жилийн турш тус театрын тайзнаа олон дүр бүтээжээ. Харин 2019 оноос ОХУ-ын ууган театруудын нэг болох Малый театрын жүжигчнээр ажиллаж, “Варвары”, “Пётр I”, “Фигарогийн гэрлэлт”, “Дон Жуан” зэрэг жүжигт тоглож байна.

Түүний нэрийг олон нийтэд илүүтэй таниулсан уран бүтээл бол “Шеф” олон ангит кино юм. Тус кинонд цагдаагийн хурандаа, хожим генерал-майор болсон Виктор Расторгуевын дүрийг бүтээсэн нь үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ. Шударга ёсны төлөө тууштай тэмцдэг, зарчимч офицерын дүрээрээ тэрээр олон орны үзэгчдийн танил болсон юм.

Мөн түүхэн болон цэргийн сэдэвт кинонд чадварлаг тоглосон жүжигчин юм. Тухайлбал, Зөвлөлтийн нэрт цэргийн жанжин Михаил Тухачевскийн дүрийг “Московская сага”, “Тухачевский. Заговор маршала” зэрэг бүтээлд хоёр удаа амилуулжээ. Түүнчлэн “Свой человек”, “Стажёры”, “Небо” зэрэг кинонд дүр бүтээсэн байна.

Түүний хувийн амьдралын тухайд жүжигчин Юлия Зыковатай оюутан байхдаа танилцаж, гэр бүл болсон бөгөөд София, Евдокия хэмээх хоёр охинтой.

Андрей Чубченкогийн олон жилийн хөдөлмөр, театр, кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж 2004 онд ОХУ-ын Гавьяат жүжигчин цол хүртээж байжээ. Харин 2026 онд ОХУ-ын Ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдсан байна.

 

Театрын сонгодог дүрээс эхлээд телевизийн олон ангит киноны мартагдашгүй баатар хүртэл олон төрлийн дүрийг амжилттай бүтээсэн Андрей Чубченко өнөөдөр Оросын урлагийн салбарын нэр хүндтэй уран бүтээлчдийн нэг хэвээр байна.