Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдаж буй 2026 оны жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид алтан медаль хүртлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд хүч үзсэн Үндэсний шигшээ баг, Хилчин спорт хороо, Баянгол ресортын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Т.Ариунзаяа алтан медаль хүртэж, залуучуудын дэлхийн аварга боллоо.

Түүний энэхүү амжилт нь Монголын жүдо бөхийн түүхэнд онцгой байр суурь эзлэхүйц үйл явдал болж байна. Учир нь Т.Ариунзаяа өсвөр болон залуучуудын ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монголын анхны жүдочин болж, түүхэн амжилтын эзэн боллоо.

Ийнхүү Монголын жүдо бөхийн ирээдүй болсон залуу тамирчин дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, алтан медалийн буухиаг эхлүүллээ.

Дэлхийн аварга болсон Т.Ариунзаяадаа халуун баяр хүргэж, спортын их амжилт хүсье!