Хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэх нь хүний биеийн хэвийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. Гэвч сахарын хэмжээ огцом өсөхөөс сэргийлэхийн тулд ямар хоол хүнс хэрэглэх, хэрхэн хөдөлгөөн хийх, нойрондоо анхаарах нь чухал болохыг судлаачид онцолж байна.
Их Британийн Вестминстерийн их сургуулийн хоол тэжээл, дасгал хөдөлгөөний шинжлэх ухааны ахлах багш Гулшанара (Руми) Бегумын “The Conversation” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тулгуурласан нийтлэлд цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгахад өдөр тутмын хэд хэдэн дадал чухал болохыг тайлбарлажээ.
1. Эслэгээр баялаг хүнс хэрэглэх
Шош, бүхэл үрийн бүтээгдэхүүн болон эслэг ихтэй хүнс хэрэглэх нь цусан дахь сахарын зохицуулалтад эерэг нөлөөтэй. Ялангуяа чихрийн шижин болон чихрийн шижингийн урьдал үеийн хүмүүст эслэгийн хэрэглээг нэмэгдүүлэх нь сахарын хяналтыг сайжруулахад тусалдаг байна.
Мөн хоолны дараалал ч тодорхой нөлөөтэй байж болохыг 2026 оны зургаан жижиг судалгааны тойм харуулжээ. Нийт 107 эрүүл насанд хүрэгчийг хамруулсан эдгээр судалгаагаар нүүрс ус ихтэй хүнс хэрэглэхээс өмнө ногоо болон уураг агуулсан бүтээгдэхүүн идэххэд хоолны дараах сахарын өсөлт харьцангуй бага байжээ.
2. Хоолны дараа 10 минут алха
Булчин ажиллах үед цусанд байгаа глюкозыг ашиглах үйл явц идэвхждэг. Тиймээс хоолны дараа хөнгөн хөдөлгөөн хийх нь сахарын хэмжээг зохицуулахад дэмжлэг үзүүлдэг.
12 эрүүл залууг хамруулсан туршилтаар глюкозын уусмал хэрэглэсний дараа 10 минут тайван алхсан хүмүүсийн цусан дахь сахарын өсөлт хөдөлгөөнгүй суусан хүмүүсийнхээс бага байжээ.
Гэхдээ уг туршилт цөөн оролцогчтой бөгөөд энгийн хоолны дараах бүх нөхцөлд ижил үр дүн гарна гэж дүгнэх боломжгүй юм.
3. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
Аэробик дасгал буюу дугуй унах, алхах зэрэг хөдөлгөөнөөс гадна хүчний дасгал хийх нь цусан дахь сахарын урт хугацааны хяналтад тустай.
Чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэртэй насанд хүрэгчдийг хамруулсан 100 санамсаргүй хяналтат туршилтын тоймоор тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь HbA1c буюу сүүлийн 2-3 сарын цусан дахь сахарын дундаж үзүүлэлтийг бууруулахад үр дүнтэй байжээ.
4. Нойроо хангалттай авах
Нойр дутуу байх нь бие махбодын инсулинд мэдрэг байх чадварыг бууруулж болзошгүй. Инсулины мэдрэг чанар буурах үед бие организм цусан дахь глюкозыг зохицуулахад хүндрэлтэй болдог.
Иймээс хооллолт, дасгал хөдөлгөөнөөс гадна тогтмол цагт унтаж, хангалттай амрах нь сахарын зохицуулалтад чухал нөлөөтэй.
5. Сахарын хэмжилтийг зөв ойлгох
Өнөө үед арьсан доорх мэдрэгчээр цусан дахь сахарын өөрчлөлтийг тасралтгүй хянах төхөөрөмжийн хэрэглээ нэмэгдэж байна. Гэвч ийм төхөөрөмжийн үзүүлэлтээр дангаар нь чихрийн шижин болон урьдал үеийг оношлох боломжгүй.
Чихрийн шижинг тусгай цусны шинжилгээгээр оношилдог бөгөөд хоол идсэний дараах сахарын түр зуурын өсөлтийг өвчний шинж тэмдэг гэж шууд ойлгож болохгүй.
Судлаачдын дүгнэснээр чихрийн шижингүй хүмүүс хоол бүрийн дараах сахарын өсөлтийг заавал бууруулах гэж хэт санаа зовох шаардлагагүй. Харин эслэгээр баялаг хүнс хэрэглэх, тогтмол хөдөлгөөн хийх, нойроо хангах зэрэг тогтвортой дадлыг хэвшүүлэх нь илүү чухал юм.
Харин чихрийн шижинтэй хүмүүс эмчилгээ, хэрэглэж буй эмийн онцлогт тохируулан сахарын хэмжээгээ хянах шаардлагатай. Сахарын хэмжээ давтан хэвийн бус гарах эсвэл зовуурь илэрвэл эмчид хандахыг зөвлөжээ.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…