1963 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннеди Техас мужийн Даллас хотод автомашины цуваагаар явж байхдаа буудуулж, 46 насандаа амиа алдсан түүхэн эмгэнэлт хэрэг гарчээ.

 

 

Тухайн өдөр Ерөнхийлөгч Жон Кеннеди тэргүүн хатагтай Жаклин Кеннедигийн хамт Техас мужид хийх айлчлалынхаа хүрээнд Даллас хотын төвөөр задгай дээвэртэй Линкольн автомашинаар зорчиж байв. Тэдэнтэй хамт Техас мужийн захирагч Жон Конналли болон түүний эхнэр Нелли Конналли явж байжээ.

 

Орон нутгийн цагаар 12:30 цагийн орчимд автомашины цуваа Техасын сургуулийн номын сангийн барилгын дэргэдүүр өнгөрөх үед буун дуу гарч, Ерөнхийлөгч Кеннеди болон захирагч Конналли нар буудуулсан байна.

 

Кеннедиг яаралтай Паркландын эмнэлэгт хүргэсэн боловч 30 орчим минутын дараа нас барсныг албан ёсоор зарлажээ. Харин захирагч Конналли хүнд шархадсан ч амьд үлдсэн байна.

 

Халдлагын хэрэгт сэжиглэгдсэн АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын хуучин алба хаагч Ли Харви Освальдыг тухайн өдөр баривчилсан юм. Гэвч тэрбээр шүүхээр гэм буруугаа тогтоолгохоосоо өмнө буюу арваннэгдүгээр сарын 24-нд Далласын цагдаагийн газрын байранд шилжүүлэгдэх үеэр Жек Руби гэгчид буудуулж амиа алдсан байна.

 

Хэргийн мөрдөн шалгалт ба маргаан

 

1963 оны арваннэгдүгээр сарын 29-нд Ерөнхийлөгч Линдон Жонсон Кеннедигийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах тусгай комисс байгуулсан бөгөөд уг комиссыг даргалсан шүүгч Эрл Уоррены нэрээр Уоррены комисс гэж нэрлэдэг.

1964 онд тус комисс Освальд ганцаараа халдлага үйлдсэн бөгөөд дотоодын болон гадаадын ямар нэгэн томоохон хуйвалдаан байгаагүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Гэвч 1978 онд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Халдлагыг мөрдөн шалгах тусгай хороо дахин шалгаж, Кеннедигийн амь насанд халдсан хэрэг хуйвалдааны үр дүн байх магадлалтай гэж дүгнэсэн юм. Гэсэн хэдий ч өөр буудсан этгээд болон хуйвалдааны хүрээг тогтоож чадаагүй байна.

 

Жон Кеннедигийн амь насыг хөнөөсөн хэрэг өнөөдрийг хүртэл Америкийн түүхэн дэх хамгийн их маргаан дагуулсан улс төрийн аллагуудын нэг хэвээр байна.

 

2026 оны арваннэгдүгээр сарын 22-нд энэхүү түүхэн үйл явдлын 63 жилийн ой тохиож байна.