Зул сарын баярын уур амьсгалтай салшгүй холбоотой болсон “Home Alone” буюу “Гэртээ ганцаараа” киноны шинэ анги Disney студийн хөгжүүлэлтийн шатанд оржээ. Хамгийн сонирхолтой нь, анхны киноны гол дүр Кевин МакКаллистерийн дүрийг бүтээсэн жүжигчин Маколей Калкин шинэ төсөлд оролцохоор болжээ.
Шинэ киноны зохиол дээр жүжигчин, продюсер Сет Роген болон түүний хамтрагч Эван Голдберг ажиллаж байгаа аж. Тэд Маколей Калкинтай хамтран зохиолын санааг хөгжүүлж, Point Grey продакшнаараа дамжуулан продюсерээр ажиллах юм.
Шинэ ангийн үйл явдлын талаар албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна. Гэхдээ Калкин өмнө нь өөрийн санал болгосон нэгэн сонирхолтой санааг хуваалцаж байжээ.
Түүний санаагаар бол Кевин насанд хүрч, өөрөө хүүхэдтэй болсон эцгийн дүрээр эргэн ирнэ. Ажилдаа хэт анхаарснаас болж хүүхэдтэйгээ харилцах харилцаа нь хөндийрсөн Кевин нэг өдөр гэртээ орж чадахгүй болж, харин хүү нь түүнийг гэртээ оруулахгүйн тулд янз бүрийн урхи бэлтгэдэг аж. Ингэснээр өмнө нь хулгайчдад урхи тавьдаг байсан Кевин энэ удаа өөрөө урхинд орох нөхцөл байдал үүсэх юм.
Гэхдээ энэ санаа шинэ киноны эцсийн зохиолд багтсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
1990 онд анх дэлгэцнээ гарсан “Home Alone” кино дэлхий даяар үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж, Зул сарын баярын хамгийн алдартай кинонуудын нэг болсон. Үүний дараа 1992 онд “Home Alone 2: Lost in New York” кино гарч, Маколей Калкин Кевиний дүрээ дахин бүтээсэн юм.
Харин шинэ бүтээлийн зураг авалт эхлэх хугацаа, найруулагч, бусад жүжигчдийн бүрэлдэхүүн болон нээлтийн тов одоогоор зарлагдаагүй байна.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…