Японы автомашин үйлдвэрлэгч Toyota компани 2026 оны загварын C-HR цахилгаан автомашины эргүүлэн татах хүрээгээ өргөжүүлж, дэлхий даяар нийт 19 мянга орчим автомашиныг хамруулахаар болжээ. Үүний 10 мянга орчим нь АНУ-д худалдаалагдсан автомашин байна.

АНУ-ын зах зээлд 2026 оны есдүгээр сард эхлүүлсэн эргүүлэн татах арга хэмжээ ийнхүү олон улсын хэмжээнд өргөжсөн талаар Electrek мэдээлэв.

Эргүүлэн татах болсон гол шалтгаан нь цахилгаан автомашины батарейн цэнэглэлтийг хянадаг EV-ECU удирдлагын системийн программ хангамжийн алдаа аж. Тодруулбал, батарейн цэнэг өндөр түвшинд хүрсэн үед нөхөн цэнэглэх тоормосны систем үргэлжлүүлэн ажиллавал батарей хэт цэнэглэгдэх эрсдэлтэй байна.

Ийм нөхцөл үүссэн тохиолдолд автомашины хянах самбарт анхааруулах гэрэл асаж, дуут дохио өгнө. Улмаар цахилгаан хөдөлгүүрийн систем гэнэт унтарч, автомашин хөдөлгөөн дунд хүчээ алдах эрсдэлтэй. Энэ нь ялангуяа өндөр хурдтай явж байх үед зам тээврийн осол гарах аюулыг нэмэгдүүлж болзошгүй юм.

Германы Холбооны Автотээврийн газраас гаргасан мэдээллээр тус улсад уг асуудалд хамаарах 1,096 автомашин байгаа бөгөөд шалгалт үргэлжилж байна.

Эргүүлэн таталтад 2025 оны зургаадугаар сарын 17-ноос 2026 оны долоодугаар сарын 9-ний хооронд үйлдвэрлэсэн тодорхой тооны автомашин хамрагдаж байгаа аж.

Toyota компани Хойд Америкт уг асуудалд өртсөн автомашинуудын батарейн удирдлагын программ хангамжийг албан ёсны дилерийн төвүүдээр үнэ төлбөргүй шинэчлэхээр болжээ. Харин Хойд Америкаас бусад бүс нутагт хэрэгжүүлэх засвар үйлчилгээний талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

Мөн энэхүү эргүүлэн татах арга хэмжээ нь зөвхөн 2026 оны загварын цахилгаан C-HR автомашинд хамаарах бөгөөд бензин болон хайбрид хувилбаруудыг хамрахгүй гэдгийг онцолжээ.