Видео тоглоомын салбарын хамгийн их хүлээлт дагуулсан бүтээлүүдийн нэг болох “Grand Theft Auto VI” (GTA 6) өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд дэлхий даяар нээлтээ хийж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байна.

Rockstar Games компанийн бүтээсэн энэхүү тоглоом нь 2013 онд худалдаанд гарсан “GTA V”-ээс хойш 13 жилийн дараа гарч буй цувралын шинэ анги юм. Нээлтийн өмнө олон жилийн турш шүтэн бишрэгчдийн дунд хүлээлт, таамаг, хэлэлцүүлэг өрнүүлсэн уг бүтээл анхны шүүмжүүдээрээ тоглоомын салбарын шинэ жишиг тогтоох хэмжээнд хүрчээ.

Шүүмж, үнэлгээг нэгтгэдэг Metacritic платформд “GTA VI” тоглоом 100 онооноос 99 оноо авч, 150 гаруй шүүмжид үндэслэсэн үнэлгээгээр бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй тоглоомуудын нэг болж байна. Зарим шүүмжлэгч уг бүтээлийг “шилдэг бүтээл”, “гайхамшигтай”, “Америкийн гайхалтай туульс” хэмээн тодорхойлжээ.

Шинэ анги нь АНУ-ын Флорида мужаас сэдэвлэсэн зохиомол Леонида муж болон Майами хотоос санаа авсан Вайс-Сити хотод өрнөнө. Тоглогчид Жейсон Дювал болон Люсиа Каминос хэмээх хоёр гол дүрийн адал явдлыг удирдах бөгөөд гэмт хэргийн ертөнцөд орооцолдсон тэдний амьдрал, харилцаа, тэмцлийг өгүүлэх юм.

Тоглоомын хамгийн онцлох давуу талуудын нэг нь нарийвчилсан дүрслэл, өргөн уудам нээлттэй ертөнц, бодит мэт орчин, тоглогчийн сонголтоос хамааран өрнөх үйл явдал гэдгийг шүүмжлэгчид онцолж байна. Мөн автомашин жолоодох, хоттой танилцах, усан доогуур шумбах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг тоглоомд багтаажээ.

“GTA VI” нь PlayStation 5 болон Xbox Series X|S төхөөрөмжүүдэд зориулан худалдаанд гарсан бөгөөд тоглоомын бүтээн байгуулалтын зардлыг нэг тэрбум ам.доллараас давсан гэж тооцоолж байна.

Ийнхүү 13 жилийн турш үргэлжилсэн хүлээлтийн эцэст нээлтээ хийсэн “GTA VI” нь зөвхөн тоглоом сонирхогчдын төдийгүй дэлхийн энтертайнмент салбарын анхаарлыг татсан томоохон үйл явдал болж байна.