Roblox платформ дээр хиймэл оюуны технологийн хэрэглээ эрчимтэй өсөж байна. Тус платформын хамгийн их тоглогдсон шилдэг 100 тоглоомын 80 гаруй хувь нь AI-ийн тусламжтай бүтээгдсэн болохыг компани мэдээлжээ.
Roblox-ийн 2026 оны гуравдугаар улирлын тайланд дурдсанаар, сүүлийн нэг сарын хугацаанд тоглогчдын зарцуулсан цагаар хэмжсэн шилдэг 100 тоглоомын 80 гаруй хувь нь бүтээх үйл явцдаа хиймэл оюуны хэрэгсэл ашигласан байна.
Мөн компанийн генератив хиймэл оюунд суурилсан Build платформоор нийтлэгдсэн тоглоомын тоо 70 мянгыг давжээ.
Тус компанийн мэдээлснээр, 2026 оны хоёрдугаар улирлаас хойш шилдэг контент бүтээгчдийн AI хэрэгслийг ашиглах хугацаа гурав дахин өссөн байна.
Түүнчлэн 2026 оны гуравдугаар улиралд бараг бүхэлдээ хиймэл оюуны тусламжтай бүтээсэн Break and Steal an Egg болон Huss Valley гэсэн хоёр тоглоом Roblox-ийн нэгэн зэрэг тоглож буй хэрэглэгчдийн тоогоор гаргадаг шилдэг 20-ын жагсаалтад багтжээ.
Roblox Build платформоо 2026 оны долоодугаар сарын 16-нд танилцуулж, уг хиймэл оюунд суурилсан тоглоом бүтээх хэрэгслийн туршилтыг 2026 оны долоодугаар сарын 28-наас эхлүүлсэн юм.
Уг хэрэгсэл нь хэрэглэгчдэд текстэн заавар ашиглан гар утаснаасаа тоглоомын анхны хувилбар бүтээх боломж олгодог. Одоогоор туршилтын хөтөлбөрт 500 мянга гаруй хэрэглэгч хамрагдаж, 70 мянгаас олон тоглоом нийтэлсэн байна.
Хиймэл оюун тоглоомын салбарт хурдацтай нэвтэрч байгаа нь хөгжүүлэгчдийн дунд хоёр өөр байр суурь үүсгээд байна. Нэг хэсэг нь тоглоом бүтээх үйл явцыг хялбарчилж, шинэ боломж нээж байна гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь чанаргүй, ижил төстэй контент олноор бий болох эрсдэлтэй хэмээн болгоомжилж байна.
Roblox-ийн 2026 оны III улирлын тайлан






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…