БНХАУ-ын хөрөнгө оруулагч Казахстаны Жамбыл мужид нүүрс олборлох, боловсруулах томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалтыг 150 сая ам.доллароор тооцоолжээ.
Anshun Energy LLP компани Жамбыл мужийн Мойнкум дүүргийн нутаг дэвсгэрт нүүрсний уурхай байгуулж, олборлосон түүхий эдийг боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байна.
Төслийн хүрээнд жилд гурван сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар тооцжээ. Одоогоор шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд хөрөнгө оруулагч болон орон нутгийн удирдлагуудын хооронд хэлэлцээ хийж байна.
Мойнкум дүүргийн Засаг дарга Ермек Карентайевын мэдээлснээр, тус компани дүүрэгтээ хэдийнэ бүртгүүлсэн бөгөөд төслийн бэлтгэл ажлаа эхлүүлжээ. Гэхдээ одоогоор барилгын ажил эхлээгүй, төлөвлөлтийн шатанд байгаа юм.
Сонирхолтой нь, хөрөнгө оруулагч компани орон нутгийн дэд бүтцийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан байна. Тухайлбал, уурхайн төслийн ойролцоох 32 малчин өрхийн бүс нутгийг дайран өнгөрөх 93 км урт авто замыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулжээ.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Казахстаны нүүрс олборлолт, боловсруулалтын салбарт шинэ үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх боломжтой юм.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…