АНУ-ын технологийн компани Apple-ийн хэд хэдэн үйлчилгээ 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр техникийн сааталд орж, олон мянган хэрэглэгч нэвтрэх болон төлбөр тооцоо хийхэд хүндрэлтэй тулгарсан талаар The New York Times мэдээллээ.
iCloud, App Store, Apple Music, Apple Pay болон AppleCare зэрэг үйлчилгээ өртжээ. Түүнчлэн зарим хэрэглэгч Apple-ийн бүртгэлдээ нэвтрэх, шинэ төхөөрөмжөө идэвхжүүлэх, аппликейшн татаж авах боломжгүй болсон байна.
Apple компанийн тайлбарласнаар, дотоод системдээ хийсэн шинэчлэлтийн улмаас зарим үйлчилгээ доголдсон бөгөөд энэ нь кибер халдлагаас үүдэлтэй асуудал биш аж.
Тус компани мэдэгдэлдээ “Манай олон систем хэвийн ажиллагаандаа эргэн орсон. Үлдсэн системүүдийг аль болох богино хугацаанд бүрэн ажиллуулахын төлөө ажиллаж байна” гэжээ.
Саатлын үеэр хэрэглэгчдийн мэдээлсэн гомдлыг нэгтгэдэг Downdetector сайтад АНУ-аас Apple Pay-тэй холбоотой 2,300 орчим, iCloud үйлчилгээтэй холбоотой 1,800 орчим асуудлын мэдээлэл оргил үед бүртгэгдсэн байна.
Уг доголдол нь сүүлийн өдрүүдэд АНУ-д гарсан технологийн салбарын хэд хэдэн саатлын дараа тохиолдсоноороо анхаарал татаж байна. Тухайлбал, Microsoft-ийн үүлэн үйлчилгээ, JPMorgan Chase банкны систем болон нислэгийн удирдлагын зарим системд техникийн асуудал гарсан юм.
Гэхдээ эдгээр үйл явдал хоорондоо холбоотой эсвэл кибер халдлагын улмаас үүссэн гэх нотолгоо одоогоор гараагүй байна.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…