Өмнөд Солонгосын Боловсролын сайд Чой Кё Жин хиймэл оюун ухаан (AI) ашиглан шалгалтад хуулсан хэрэгтэй холбоотойгоор үүссэн дуулианы дараа албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргажээ. Ерөнхийлөгч И Жэ Мён түүний хүсэлтийг хүлээн авсан байна.

Дуулиан нь улсын татварын нягтлан бодогчийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан оролцогч жижиг камер, ухаалаг утас ашиглан шалгалтын асуултыг авч, хиймэл оюун ухаанаас хариулт авснаа хүлээн зөвшөөрснөөр эхэлжээ. Тэрбээр бараг төгс оноо авсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм.

Энэ хэрэгтэй зэрэгцэн тус улсад их, дээд сургуульд элсэх эрх олгодог үндэсний хэмжээний элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуурах эрсдэлээс болгоомжилж, хяналт шалгалтыг эрс чангатгасан байна.

Мэргэжлийн байгууллагууд шалгалтын танхимд ухаалаг утас, ухаалаг цаг, камер болон бусад электрон төхөөрөмж оруулахыг хориглож, шалгуулагчдын нүдний шил, хувцасны товчийг хүртэл шалгах арга хэмжээ авчээ.

Мөн хувцасны товчинд нууц камер байрлуулах боломжийг хаахын тулд наалт нааж, шалгалтын үеэр гар утсаа хураалгаагүй хүмүүсийг хууль зөрчсөнд тооцохоор болсон байна.

Гэсэн хэдий ч эдгээр арга хэмжээ шалгуулагчид болон багш нарын дунд шүүмжлэл дагуулжээ. Учир нь шалгалт эхлэхийн өмнөхөн дүрэм журмыг өөрчилсөн нь сурагчид, эцэг эхчүүдэд ихээхэн хүндрэл, түгшүүр үүсгэсэн байна.

Улмаар арваннэгдүгээр сарын 20-нд болсон элсэлтийн шалгалтын үеэр электрон төхөөрөмжтэй холбоотой зөрчлийн 111 тохиолдол илэрчээ. Үүний бараг тал нь шалгалтын үеэр Засгийн газраас илгээсэн гурван удаагийн яаралтай мэдэгдлийн тусламжтайгаар илэрсэн байна.

Боловсролын сайд Чой Кё Жин парламентын сонсголын үеэр хиймэл оюун ухаанаар хуурсан тохиолдлыг илрүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа эсэхийг асуухад нас ахисантай холбоотойгоор итгэлтэй хариулж чадахгүй гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь мөн олон нийтийн шүүмжлэлд өртжээ.

Тэрбээр шалгалтын зохион байгуулалтад урьдчилан хангалттай бэлтгэж чадаагүй алдаандаа хариуцлага хүлээж байгаагаа илэрхийлэн огцрох шийдвэр гаргасан байна.

Энэ үйл явдал хиймэл оюун ухааны хөгжил боловсролын салбарын шалгалтын шударга байдал, хяналтын тогтолцоонд ямар сорилт үүсгэж байгааг харуулсан анхаарал татсан жишээ боллоо.