АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA)-ийн нууц мэдээлэл солилцох дотоод сүлжээ арваннэгдүгээр сарын 17-ны өдөр техникийн сааталд орж, үйл ажиллагаа нь доголдсон талаар CNN мэдээллээ.
NSANet хэмээх уг сүлжээг тус агентлагийн ажилтнууд нууцын өндөр зэрэглэлтэй мэдээллийг хоорондоо солилцох, тагнуулын мэдээлэл боловсруулахад ашигладаг байна.
CNN-ийн мэдээлснээр, уг саатлын шалтгаан болон хамрах хүрээг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд одоогоор кибер халдлага болсон гэх нотолгоо илрээгүй аж. Сүлжээний доголдлын улмаас агентлагийн зарим ажилтны ажилдаа ирэх цагийг шат дараатайгаар зохицуулсан байна.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн зүгээс уг асуудлыг төлөвлөгөөт, ээлжит засвар үйлчилгээний үеэр үүссэн түр зуурын доголдол гэж тайлбарлажээ.
Тус агентлагийн мэдэгдэлд зарим дотоод системд нөлөөлсөн боловч үндэсний аюулгүй байдлыг хангах нэн чухал чиг үүргүүд хэвийн ажиллаж байгаа бөгөөд хамгаалалтын олон давхар нөөц системтэй гэдгийг онцолсон байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн орнуудад айлчилж буй энэ үед түүнд яаралтай тагнуулын мэдээлэл хүргэх ажиллагаанд саад учрахгүй гэж одоогийн болон өмнө нь ажиллаж байсан албан тушаалтнууд CNN-д мэдээлжээ. Учир нь Ерөнхийлөгчтэй аюулгүй холбоо барих нөөц сүлжээ, харилцаа холбооны бусад суваг байдаг аж.
Сонирхолтой нь, энэ нь АНУ-ын төрийн байгууллага, томоохон компаниудын системд дараалан техникийн доголдол гарч буй үетэй давхцаж байна. Өнгөрсөн долоо хоногт Microsoft-ийн Outlook, Teams үйлчилгээнд саатал гарсан бол арваннэгдүгээр сарын 13-нд Холбооны нисэхийн удирдах газрын (FAA) системийн доголдлоос болж АНУ даяар нислэгүүдийг түр зогсоож байжээ.
Мөн Chase банкны цахим үйлчилгээнд саатал гарсан талаар мэдээлсэн байна.
Одоогоор эдгээр доголдлыг кибер халдлагатай холбосон нотолгоо гараагүй байна. Харин NSA-ийн хувьд сүлжээний хэвийн ажиллагааг сэргээх ажил үргэлжилж байсан талаар CNN мэдээлжээ






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…