Италийн Үндэсний цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Жанни Де Женнаро 78 насандаа Тоскана муж дахь гэртээ нас баржээ. Түүнийг мафийн хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан байж болзошгүй хэргээр шалгаж байсан бөгөөд Италийн хэвлэлүүд түүнийг амиа хорлосон гэж мэдээлжээ.

 

Де Женнаро 2000-2007 онд Италийн Үндэсний цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд тус улсын зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа Сицилийн “Коза Ностра” мафийн эсрэг тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн байв.

 

Түүнийг 1992 онд Палермо хотод болсон автомашинтай бөмбөг дэлбэлсэн халдлагын хэргийг дахин шалгах ажиллагаанд саад учруулахыг оролдсон байж болзошгүй гэж үзэн Сицилийн Калтаниссетта хотын прокурорууд шалгаж байжээ. Тухайн халдлагын улмаас мафийн эсрэг тэмцэж байсан шүүгч Паоло Борселлино болон түүний хамгаалалтын таван ажилтан амиа алдсан юм.

 

Прокурорууд Де Женнарог гэрийн хорионд байлгах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээн аваагүй байна. Улмаар прокурорууд шийдвэрийг давж заалдсан бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байжээ. Харин Де Женнаро өөрт нь холбогдуулсан буруутгалыг эрс няцааж байсан аж.

 

Түүнийг нас барсан нөхцөл байдлыг тодруулахаар Тоскана мужийн прокурорын байгууллага тусдаа мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.

Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони түүний нас барсан мэдээнд харамсаж байгаагаа илэрхийлж, олон жилийн турш төрийн албанд зүтгэсэн хүний хувьд түүний гэнэтийн үхэлд цочирдсоноо мэдэгджээ.

 

 

Де Женнаро цагдаагийн байгууллагыг удирдсаны дараа тус улсын тагнуулын байгууллагын зохицуулалтыг хариуцаж, 2013-2020 онд сансар, батлан хамгаалахын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Finmeccanica” буюу одоогийн “Leonardo” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байв.