2026-11-23

·Эрүүгийн хэрэг

·Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар:

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026/ШЦТ/3154

 

Тоймын дугаар, огноо: 2026-11-23 /№13/

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

 

 

Санамж: “Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.”

 

Нийслэлийн Прокурорын Газраас А.Ганхуяг, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван, С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, Ж.Эрдэнэбат, Ли Жон Соб /Lee Jung Seob/, Ким Кэа Баум /Kim Kea Baum/, Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар, Б.Мөнхболд, А.Чойжилсүрэн, Д.Цогтбадрах, Ч.Мөнхбаяр, О.Сүхбаатар,Б.Алтаншагай, О.Лувсандагва, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Ц.Болортуяа нарын 24 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “Залилах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба уг хэрэг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн.

 

Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ли Жон Соб /Lee Jung Seob/, Ким Кэа Баум /Kim Kea Baum/ нарын холбогдсон “Залилах” гэмт хэрэг, Ч.Мөнхбаярын холбогдсон “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасны дагуу 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцлээ.

 

Шүүх шүүгдэгч А.Ганхуягийг “Залилах” гэмт хэрэгт зохион байгуулагчаар,

 

шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ли Жон Соб /Lee Jung Seob/, Ким Кэа Баум /Kim Кеа Baum/ нарыг “Залилах” гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр,

 

шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг “Залилах” гэмт хэрэгт хамжигчаар,

 

шүүгдэгч Ч.Мөнхбаярыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Өмнөх хүчин төгөлдөр болсон шийдвэрээр шүүгдэгч А.Ганхуяг нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 3 жилийн хорих ялаа,

 

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 1 жил сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаа тус тус биечлэн эдэлж байгаа бөгөөд анхан шатны шүүхээс хяналтын шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр буцаасан шүүгдэгч А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ли Жон Соб /Lee Jung Seob/, Ким Кэа Баум /Kim Kea Baum/ нарын холбогдсон “Залилах” гэмт хэрэг, Ч.Мөнхбаярын холбогдсон “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргүүдийг хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

 

Шүүхээс шүүгдэгч шүүгдэгч А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ли Жон Соб /Lee Jung Seob/, Ким Кэа Баум /Kim Kea Baum/ нарын үйлдсэн “Залилах” гэмт хэрэг, Ч.Мөнхбаярын үйлдсэн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон хэлбэр оролцоо, учирсан хохирол, хор уршиг буюу нийт 88.458.960.700 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Ганхуяг төлж барагдуулж хохиролгүй болгосон байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс харгалзан үзэж дараах ял шийтгэлийг оногдуулав.

 

Шүүгдэгч А.Ганхуягийг “Залилах” гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон үйлдэлд 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 1 /15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож/ хоногийг хасч, нийт 39.985.000 төгрөгөөр тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр,

 

Шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ли Жон Соб /Lee Jung Seob/-ыг “Залилах” гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр оролцсон үйлдэлд 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 13 /нэг хоногийг 15 нэгж тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож/ хоногийг хасаж, нийт 29.805.000 төгрөгөөр тогтоож,

 

Шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ким Кэа Баум /Kim Кеа Baum/-ыг “Залилах” гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр оролцсон үйлдэлд 35.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

 цагдан хоригдсон 14 /нэг хоногийг 15 нэгж тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож/ хоногийг хасаж, нийт 34.985.000 төгрөгөөр тогтоож,

 

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг “Залилах” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон үйлдэлд 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр,

 

Шүүгдэгч Ч.Мөнхбаярыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон үйлдэлд нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилээр хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг оршин суух дүүргээс гарахыг хязгаарлаж тус тус шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст. найруул