Технологийн салбарын дараагийн томоохон шинэчлэл хадгалах төхөөрөмжид нэвтрэхээр болжээ. Тайванийн Phison Electronics компани хиймэл оюун ухааны тооцооллыг өөрийн нэгдсэн процессороор гүйцэтгэх боломжтой шинэ төрлийн SSD төхөөрөмжийн загварыг танилцууллаа.

Энэхүү технологийн онцлог нь хиймэл оюун ухааны зарим үйлдлийг компьютерын төв процессор (CPU) болон график процессор (GPU)-т даатгалгүйгээр, SSD төхөөрөмжид суурилуулсан тусгай NPU буюу мэдрэлийн сүлжээний процессороор гүйцэтгэхэд оршино.

SSD төхөөрөмжид 64 ГБ санах ой суурилуулжээ

Phison-ийн танилцуулсан SSD нь 64 ГБ санах ойтой бөгөөд секундэд 130 ГБ хүртэлх өгөгдөл дамжуулах хурдтай байхаар төлөвлөгджээ. Мөн дараах хиймэл оюун ухааны программ, фреймворкуудыг шууд ажиллуулах боломжтой:

  • PyTorch – хиймэл оюун ухааны загвар боловсруулах, сургах.
  • vLLM – том хэлний загваруудыг ажиллуулах, хэрэглээнд нэвтрүүлэх.
  • OpenVINO – AI загварын ажиллагааг оновчлох.
  • llama.cpp – хэлний загваруудыг ажиллуулах нээлттэй эхийн хэрэгсэл.

Компанийн мэдээлснээр уг SSD нь их хэмжээний өгөгдлийг серверийн CPU, GPU руу бүхэлд нь дамжуулахын оронд хадгалах төхөөрөмж дотроо боловсруулж, зөвхөн шаардлагатай үр дүнг буцаана. Ингэснээр зарим төрлийн ажлын ачааллын үед өгөгдөл дамжуулах хэмжээг 10-100 дахин бууруулах боломжтой гэж тооцоолжээ.

 

 

Серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж

Өнөөгийн дата төвүүдэд хиймэл оюун ухааны систем ажиллуулахын тулд асар их хэмжээний мэдээллийг хадгалах төхөөрөмжөөс процессор руу дамжуулах шаардлагатай байдаг. Энэ нь өгөгдөл дамжуулах хурд, процессорын ачаалалд тодорхой хязгаарлалт үүсгэдэг.

Харин Phison-ийн шинэ шийдэл нь тооцооллыг өгөгдөл хадгалагдаж буй төхөөрөмжид ойртуулснаар серверийн нөөцийг илүү үр ашигтай ашиглах зорилготой юм.

Гэхдээ одоогоор уг төхөөрөмжийн бүтээгдэхүүний нэр, худалдаанд гарах хугацаа болон үнийн мэдээллийг зарлаагүй байна. Мөн 36,800 DMIPS гэсэн үзүүлэлтийг дурдсан ч энэ нь NPU-ийн хиймэл оюун ухаан боловсруулах бодит хүчин чадлыг илэрхийлэх TOPS үзүүлэлт биш гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

 

Phison уг технологио 2026 оны арваннэгдүгээр сарын 17-нд АНУ-ын Чикаго хотод болсон Supercomputing 2026 (SC26) үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан бөгөөд одоогоор хөгжүүлэлтийн шатандаа байна.