АНУ-ын технологийн салбарын нэртэй бизнес эрхлэгч Адам Робинсон гэр бүлийн хамт онгоцны ослоор амиа алджээ
АНУ-ын технологийн салбарт танигдсан бизнес эрхлэгч Адам Робинсон эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт Флорида мужид болсон хувийн онгоцны ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 1-ний ням гарагт Техас мужийн Остин хотоос Багамын арлуудыг зорин нисэж явсан Learjet 60 загварын хувийн онгоцонд зорчиж байсан бөгөөд уг онгоц Флорида мужийн Гринэйкрс орчимд осолдсон байна. Онгоцонд зорчиж явсан есөн хүн бүгд амь үрэгджээ.
Адам Робинсон 45 настай байсан бөгөөд эхнэр Хелен Шарп, дөрөв болон хоёр настай охин, хүүгийнхээ хамт ослоор амиа алдсан байна. Мөн гэр бүлийн хүүхэд асрагч болон хоёр найз нь, нисэх багийн хоёр гишүүний хамт амь үрэгджээ.
Уолл Стритээс технологийн бизнесийн ертөнцөд хөл тавьсан нь
Робинсон өмнө нь Lehman Brothers хөрөнгө оруулалтын банкинд зээлийн арилжаа эрхэлж байсан бөгөөд 2008 оны санхүүгийн хямралын дараа технологийн бизнес эрхлэхээр шийджээ.
Тэрбээр Robly цахим шуудангийн маркетингийн платформыг хамтран байгуулж, улмаар GetEmails нэртэй бизнесийг эхлүүлсэн нь хожим Retention.com болон өргөжсөн байна. Мөн RB2B, MoltSets зэрэг компаниудыг хөгжүүлжээ.
Түүний үүсгэн байгуулсан компаниуд бизнес эрхлэгчдэд цахим хуудасны зочдыг таних, боломжит харилцагчдын мэдээллийг олж авахад чиглэсэн технологийн үйлчилгээ үзүүлдэг байв.
Business Insider-ийн мэдээлснээр Робинсоны удирдаж байсан гурван компанид нийт 32 хүн ажилладаг бөгөөд жилийн орлого нь 35 сая ам.долларт хүрч байжээ.
Ослын өдөр тэрбээр RB2B компанийн жилийн давтагдах орлого 10 сая ам.долларт хүрснийг, MoltSets компанийн орлого нэг сая ам.долларт дөхөж байгааг олон нийтэд мэдээлсэн аж.
Хөрөнгө оруулалтгүйгээр бизнес босгохыг уриалдаг байжээ
Адам Робинсон гарааны бизнесүүдийг гаднын хөрөнгө оруулалт, венчур капиталын санхүүжилтгүйгээр хөгжүүлэх боломжтой гэж үздэг байв.
Тэрбээр олон нийтийн сүлжээ болон подкастуудаар дамжуулан бага зардлаар, цөөн ажилтантайгаар бизнесээ өргөжүүлэх туршлагаа хуваалцдаг байсан бөгөөд энэ чиглэлээр олон бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгчээ.
Түүний компаниудын хамт олон ослын дараа мэдэгдэл гаргаж, Робинсоныг найз, зөвлөгч, зоримог удирдагч байсан хэмээн дурссан байна.
Ослын шалтгааныг одоогоор эцэслэн тогтоогоогүй бөгөөд АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл (NTSB) мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…