БНСУ-д баасан гараг, амралтын өдрүүдэд таксины үнэ нэмэгдэх боломж бүрдэнэ
Өмнөд Солонгост таксины үнийг зөвхөн өдрийн цагаар бус, долоо хоногийн гараг бүрээр ялгаатай тогтоох боломжийг нээхээр болжээ. Ингэснээр зорчигчдын эрэлт ихтэй баасан гараг болон амралтын өдрүүдэд таксины тариф нэмэгдэх магадлалтай байна.
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас таксины үйлчилгээний үнэ, тарифын зохицуулалтад өөрчлөлт оруулах журмын төслийг арваннэгдүгээр сарын 6-нд олон нийтэд танилцуулжээ.
Шинэ зохицуулалтаар орон нутгийн захиргааны байгууллагууд тухайн бүс нутгийн таксины хүрэлцээ, зорчигчдын эрэлт хэрэгцээнд үндэслэн гараг бүрээр хөнгөлөлт болон нэмэгдэл тариф тогтоох боломжтой болох юм.
Тухайлбал, таксины эрэлт ихтэй баасан гарагийн орой болон амралтын өдрүүдэд үнийг нэмэгдүүлж, харин зорчигч багатай өдрүүдэд хөнгөлөлт үзүүлэх замаар жолооч нарыг үйлчилгээнд идэвхтэй оролцуулах зорилготой аж.
Одоогоор Сөүл хотод оройн 22:00 цагаас маргааш өглөөний 04:00 цаг хүртэл шөнийн нэмэгдэл тариф үйлчилдэг бөгөөд 23:00-02:00 цагийн хооронд 40 хувийн нэмэгдэл тооцдог байна. Харин шинэ журам хэрэгжвэл цагийн нэмэгдлээс гадна гарагт суурилсан тарифын зохицуулалт давхар үйлчлэх боломж бүрдэнэ.
Гэхдээ энэ өөрчлөлтийг улс даяар нэгэн зэрэг хэрэгжүүлэхгүй. Орон нутгийн захиргаанууд өөрийн бүс нутгийн нөхцөл байдлыг харгалзан нэвтрүүлэх эсэх, ямар өдөр, ямар хэмжээний нэмэгдэл тогтоохоо бие даан шийдвэрлэх юм.
Тээврийн салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тарифын уян хатан зохицуулалт нь таксины хүртээмж, үйлчилгээний чанарыг сайжруулах давуу талтай ч хэрэглэгчдийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Ялангуяа шөнийн нэмэгдэл болон гарагийн нэмэгдэл давхар үйлчилбэл амралтын өдрүүдэд шөнийн цагаар таксигаар зорчих иргэд илүү өндөр төлбөр төлөх нөхцөл үүсэж болзошгүйг анхааруулжээ.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…