Орос, Украины хооронд үргэлжилж буй дайныг зогсоох дипломат хүчин чармайлт идэвхжиж байгаа ч хоёр талын цэргийн ажиллагаа эрчимтэй хэвээр байна.

 

 

АНУ-ын зуучлалаар Орос, Украины төлөөлөгчид энэ сарын 10–11-нд Абу Дабид энхийн хэлэлцээ хийсэн бөгөөд дайны эхэн үеэс хойших томоохон хоригдол солилцоо хийх зарчмын тохиролцоонд хүрчээ. Гэвч газар нутгийн маргаан зэрэг гол асуудлуудаар нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байна.

 

АНУ-ын төлөөлөгчид Жаред Кушнер, Стив Виткофф нар Москвад очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан. Мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар төлөвлөжээ.

 

Харин хэлэлцээ үргэлжилж байх үеэр талууд харилцан цохилт өгсөөр байна.

 

Украины довтолгооны улмаас ОХУ-д дөрвөн хүн амиа алджээ

 

Арваннэгдүгээр сарын 13-нд Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмж ОХУ-ын өмнөд хэсгийн Волгоград хотын аж үйлдвэрийн бүсэд цохилт өгсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн гэж тус бүс нутгийн захирагч Андрей Бочаров мэдээлжээ.

 

Волгоград хотод ОХУ-ын томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нэг байрладаг. Гэхдээ тухайн үйлдвэр шууд халдлагад өртсөн эсэхийг албан ёсоор батлаагүй байна.

 

Үүний зэрэгцээ ОХУ арваннэгдүгээр сарын 12-ны шөнө Украины Киев хот болон бусад бүс нутагт томоохон хэмжээний цохилт өгчээ. Киев хотын захирагчийн мэдээлснээр нисгэгчгүй төхөөрөмж есөн давхар орон сууцны барилгад оногдож, нэг эмэгтэй амиа алдан, таван хүн гэмтсэн байна.

Reuters агентлагийн мэдээлснээр, хоёр улсын хоорондын зөрчил зөвхөн фронтын шугамаар хязгаарлагдахгүй, эрчим хүч, газрын тосны дэд бүтэц болон аж үйлдвэрийн байгууламжуудыг хамарсан хэвээр байна.

Энхийн хэлэлцээний гол саад нь газар нутгийн асуудал

 

АНУ-ын зуучлалтай хэлэлцээгээр хоригдол солилцох асуудалд ахиц гарсан ч Украины зүүн хэсгийн Донбассын нутаг дэвсгэрийн асуудал хамгийн том маргаан хэвээр байна.

Украин улс газар нутгаа өгөхөөс татгалзаж байгаа бол ОХУ өөрийн шаардлагыг хэвээр хадгалж буй юм.

Ийнхүү дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байгаа ч хоёр талын харилцан довтолгоо зогсоогүй бөгөөд дайныг ойрын хугацаанд бүрэн зогсоох тохиролцоо одоогоор тодорхойгүй байна.