АНУ-ын Флорида мужийн Палм-Бич тойрогт бизнесийн зориулалттай онгоц осолдож, онгоцонд зорчиж явсан есөн хүн амиа алдлаа.

Associated Press (AP)-ийн мэдээлснээр, Learjet 60 загварын онгоц Багамын арлуудыг чиглэн нисэж байх үедээ ням гарагийн үдээс хойш осолдсон байна. Онгоц газарт мөргөсний дараа хүчтэй дэлбэрэлт болж, ослын газарт их хэмжээний гал, хар утаа үүсжээ.

Ослын дүрс бичлэгүүдэд онгоц тэнгэрээс огцом доошилж, суурьшлын бүс болон авто замын ойролцоо унаж буй нь буусан байна. Мөн ослын улмаас замын хучилт эвдэрч, газарт томоохон нүх үүссэн талаар мэдээлжээ.

Онгоц орон сууцны барилгууд болон хөдөлгөөнтэй авто замтай тун ойрхон осолдсон нь нөхцөл байдлыг улам ноцтой болгосон байна.

АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи уг ослыг “аймшигт эмгэнэл” хэмээн тодорхойлжээ. Түүний мэдээлснээр, онгоц Палм-Бич тойрогт орон нутгийн цагаар 12:50 цагийн орчим осолдсон байна.

Ослын шалтгааныг тогтоохоор АНУ-ын холбогдох байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл ослыг шалгаж байгаа бөгөөд Холбооны нисэхийн захиргаа мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм.


Эх сурвалж: Associated Press (AP)