Европ даяар залуус амьдралын өртөг, ирээдүйнхээ төлөө жагсаж эхэллээ.
Германд амьжиргааны өртөг нэмэгдэж, боловсролын салбарын санхүүжилт буурч, цэргийн албыг дахин сэргээх асуудлыг эсэргүүцсэн залуусын жагсаал эмх замбараагүй байдалд хүрчээ.
Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт “Gen Z has got this!” хөдөлгөөний зохион байгуулсан жагсаалд улс даяар 120 мянга орчим хүн оролцсон байна. Жагсагчид амьдралын өртөг нэмэгдэж буйг эсэргүүцэхээс гадна залуусын ирээдүйд нөлөөлөх шийдвэрийг тэдний оролцоогүйгээр гаргаж байгааг шүүмжилжээ.
Гэвч жагсаал Франкфурт, Кёльн зэрэг хотод хурцдаж, нүүрээ халхалсан этгээдүүд дэлгүүрийн цонх хагалан, эд хөрөнгө сүйтгэсэн байна. Үүний улмаас цагдаа нар жагсагчдыг тараахын тулд усан буу ашиглаж, хэд хэдэн хүнийг баривчилжээ.
Франкфурт хотод онцгой байдлын алба хаагчид руу шатахуунтай тэсрэх бөмбөг шидсэн бөгөөд зэвсгийн дэлгүүрийн цонхыг хагалсан хэрэг гарсан байна. Мөн Берлин хотод 27 цагдаа хөнгөн гэмтэж, 60 орчим хүнийг саатуулжээ.
Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт тайван жагсаалыг зүүний хэт даврагч бүлэглэлүүд болон үймээн дэгдээгчид ашиглан хүчирхийлэл болгон хувиргасан гэж мэдэгдсэн байна.
Харин хөдөлгөөнийг зохион байгуулагчид хүчирхийллээс өөрсдийгөө холдуулж, жагсаал дууссаны дараа болсон үйл явдалд ямар ч нөлөө үзүүлээгүй хэмээн тайлбарлажээ.
Энэ үеэр Францад “Шар хантаазтан”-уудын эсэргүүцлийн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж, 320 мянган хүн оролцсон бол Португал, Италид орон сууцны үнэ, инфляц болон цалин хөлсний асуудлаар иргэд гудамжинд гарсан байна.
Ийнхүү амьжиргааны өртөг, нийгмийн бодлого, залуусын ирээдүйтэй холбоотой асуудлаар Европын хэд хэдэн улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…