NVIDIA компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг /Jensen Huang/
БНХАУ-ын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй гэх хардлагад өртсөн эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тэрбээр компанийн ажилтнуудад цахим захидал илгээж, эхнэртээ үнэнч байж чадаагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлжээ. Мөн ажилтнууд, хамтран ажиллагч байгууллагууд болон хувьцаа эзэмшигчдийн итгэлийг эргүүлэн олж авахын төлөө ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.
Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор NVIDIA компанийн Төлөөлөн удирдах зөвлөл бие даасан шалгалт эхлүүлэхээр болжээ. Шалгалтаар үндэсний аюулгүй байдал болон компанийн нууц мэдээлэлд ямар нэгэн халдлага, зөрчил гарсан эсэхийг нягтлах юм. Гэхдээ одоогоор ийм зөрчил гарсныг нотлох баримт байхгүй гэдгийг компанийн зүгээс онцолсон байна.
Трамп Женсэн Хуангыг өмгөөлөв
Энэ асуудал АНУ-ын улс төрийн хүрээнд ч анхаарал татаж эхэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн онд Женсен Хуангтай холбоотой тагнуулын мэдээлэлтэй танилцсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэх мэдээлэл гарсан байна.
Мөн тэрбээр Хуангийг Хятадад хийх айлчлалын эдийн засгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс хассан байсан ч Трампын оролцоотойгоор дахин багтаасан тухай The New York Times сонин мэдээлжээ.
Трамп сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Женсен Хуангийг “нэр төртэй хүн” хэмээн тодорхойлж, түүнд өөрийн тайлбарлах шалтгаан байгаа байх гэж өмгөөлсөн байна.
Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уг асуудлаар дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзжээ.
Цахим орчинд шүүмжлэл өрнөв
Энэхүү дуулиан цахим орчинд олон нийтийн шүүмжлэл дагуулж, зарим хэрэглэгч түүнийг NVIDIA компанийн захирлын албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзэж байна.
Мөн NVIDIA болон Хятад гэсэн нэрийг нэгтгэсэн “Chinvidia” гэх егөөдсөн нэршил хүртэл цахим орчинд тархжээ.
Женсен Хуанг харин өөрийн байр суурийг илэрхийлэхдээ эх орон болон компанидаа хайртай гэдгээ онцолж, NVIDIA-г хамгаалах, АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө бүх хүчээ дайчилна гэж мэдэгдсэн байна.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…