АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт гурван давхар орон сууцны барилга нурж, аврах ажиллагааны үеэр нуранги дороос дахин гурван хүний цогцос олджээ. Ингэснээр уг ослын улмаас амиа алдсан хүний тоо тав болж нэмэгдсэн байна.
Орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 11-ний лхагва гарагийн үдээс хойш Flatbush дүүргийн 1321 Flatbush Avenue хаягт байрлах барилга нурсан байна. Барилга хөрш зэргэлдээх шинэ барилгын ажлын талбай руу унасан бөгөөд тухайн үед уг талбайд газар шорооны ажил хийгдэж байжээ.
Нью-Йорк хотын Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр ослын улмаас 17-19 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний дөрөв нь хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн хохирогчдын дунд долоон хүүхэд байжээ.
Ослын газарт 250 гаруй гал сөнөөгч, эмнэлгийн болон аврах албаныхан ажиллаж, нуранги дор амьд үлдсэн хүмүүс байгаа эсэхийг эрэн хайж байна. Аврагчид тусгай сургалттай эрэлч нохой болон техник хэрэгсэл ашиглан нурангийг нэг бүрчлэн шалгаж байгаа аж.
Нью-Йорк хотын захирагч Зохран Мамдани аврах ажиллагаа маш хүнд нөхцөлд үргэлжилж байгааг онцолжээ. Барилгын нуралт юунаас үүдэлтэйг одоогоор тогтоогоогүй бөгөөд холбогдох байгууллагууд шалгалт явуулж байна.
Аврах ажиллагааны үеэр нуранги дороос амьд хүн гаргах боломжтой бүсүүдийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд ажиллагаа хэд хоног үргэлжилж болзошгүй байна.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…