Польшид олон нийтийг цочроосон зэвсэгт халдлага: Зургаан хүн амиа алджээ

Польшийн Краков хотын төв талбайд зэвсэгт этгээд автомашинаасаа гал нээж, зургаан хүний аминд хүрсэн хэрэг гарлаа. Халдлагын дараа тус улсад үндэсний хэмжээний гашуудал зарлаж, аюулгүй байдлыг чангатгажээ.

 

Уг хэрэг арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Краков хотын түүхэн төв талбайд болсон байна. Зэвсэгт этгээд автомашинтай явж байхдаа хүмүүс рүү санамсаргүйгээр гал нээсэн бөгөөд дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй амь үрэгджээ.амь үрэгдсэн болон бэртсэн хүмүүсийн дунд Их Британи, Австрия, Герман, Португали, Орос зэрэг гадаад орны иргэд байна.

 

Мөн 16 хүн шархадсаны дотор хоёр цагдаагийн алба хаагч болон халдлага үйлдсэн этгээд багтсан байна. Цагдаа нар шуурхай ажиллаж, зэвсэгт этгээдийг баривчлах үеэр буудалцаан болжээ. Сэжигтэн 24 настай Польшийн иргэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.
 

Краков хотын төв талбай (UNESCO-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн түүхэн бүс).

 

Хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах үеэр сэжигтний гэрээс эцэг, эх болон эгчийнх нь цогцсыг олсон байна. Түүнчлэн галт зэвсэг, их хэмжээний сум хэрэгсэл илрүүлжээ. Эдгээр аллагыг нэг хүн үйлдсэн байх өндөр магадлалтай гэж прокурорын байгууллага мэдээлсэн байна.

Польшийн Засгийн газар халдлагыг хэт барууны үзэл суртлаас үүдэлтэй байж болзошгүй гэж үзэж байгаа ч сэжигтний үйлдлийн жинхэнэ шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.

 

Халдлага болсны дараа нийслэл Варшав болон бусад хотод хамгаалалтыг нэмэгдүүлж, Краков хотод арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд үндэсний хэмжээний гашуудал зарлажээ.

 

Европын жуулчдын ихээр зорьдог Краков хотод ийм хэмжээний зэвсэгт халдлага гарсан нь Польшийн иргэдийн аюулгүй байдлын талаарх итгэлд хүчтэй цохилт болж байна.