БНСУ-ын нийслэл Сөүл хотын өмнөд хэсэгт орших Сөннам/SEONGNAM/ хотын Бүндан дүүрэгт нийтийн тээврийн автобус 30 гаруй автомашин мөргөж, 48 хүн гэмтсэн осол гарчээ.
Орон нутгийн цагаар 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний өглөөний 07:34 цагийн үед болсон уг ослын үеэр хотын нийтийн тээврийн автобус гэрлэн дохиогоор зогсож байсан автомашинуудыг мөргөсөн байна.
Ослын улмаас дөрвөн автобус, нэг ачааны автомашин болон 27 суудлын автомашин өртжээ. Улмаар автобус замын хашлага мөргөж зогссон талаар албаныхан мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар 48 хүн гэмтсэнээс зургаан хүний биеийн байдал хүнд байгаа аж. Гэхдээ гэмтсэн хүмүүсийн хэн нь ч амь насанд нь шууд аюул учирсан байдалтай биш байгаа гэж мэдээлжээ.
Автобусыг 60 гаруй насны эрэгтэй жолоодож явсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглээгүй нь тогтоогдсон байна. Харин жолооч цагдаагийн байгууллагад тоормос ажиллаагүй гэж мэдүүлжээ.
Одоогоор ослын жинхэнэ шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд шалгалт явуулж байна.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…